
ХБНГУ-ын Усны холбооны Төв Азийн хэлтсийн дарга, Герман-Монголын хамтарсан УННМ-МоМо төслийн “Усны технологи”-ын ажлын хэсгийн ахлагч доктор Ш.Бүрэн ШУТИС-ийн “Хүндэт профессор” цол хүртлээ. 2006 оноос эхлэн хэрэгжиж эхлэсэн УННМ- Мо-Мо-1,2,3 төсөл нь Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуультай хамтран амжилттай ажиллаж ирсэн бөгөөд төслийн хүрээнд тус сургуулийн 2 төгсөгч докторын зэрэг амжилттай хамгаалсан төдийгүй, бохир усыг ашиглан мод услах сургалтын полигон, “Усны химийн лаборатори” зэргийг хамтран байгуулсан юм. МоМо төсөл нь Монгол улсын бусад их дээд сургуулиуд, Дархан-Сэлэнгийн бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй олон аж ахуйн нэгж, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, Монгол орны усны нөөцийн менежментийг сайжруулах чиглэлээр тодруулбал, Хараа голын сав газрын байгалийн ус болон Дархан хот орчмын худгийн усны найрлага шинж чанар, гүний усны мониторинг, Дархан хотын цэвэр усны алдагдлыг тодорхойлох зэрэг судалгаа шинжилгээний ажлуудыг амжилттай сайн гүйцэтгэсэн байна.

ХБНГУ-ын Боловсрол, Судалгааны Яамны (BMBF) дээд түвшний зочид төлөөлөгчид, усны салбарын дотоодын болон олон улсын мэргэжилтэн, эрдэмтэн судлаачид зэрэг нийт 200 гаруй оролцогчдыг хамруулж чадсан “УННМ-МоМо төслийг дүгнэх, дараагийн шатанд хүлээлгэн өгөх” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний бага хурал 2018 оны 5-р сарын 29-30-ны өдрүүдэд Горхи-Тэрэлжийн БЦГ-т байрлах “Red Rock” aмралт, аялал жуулчлалын цогцолборт амжилттай зохион байгуулагдсаны сацуу усны нөөцийн нэгдсэн менежментийн талаарх сүүлийн үеийн асуудлуудаар хэлэлцэв. Хуралд оролцогч хүн бүр хурлыг зохион байгуулсан газар болох “Red Rock” aмралт, аялал жуулчлалын цогцолборыг энэ төрлийн хурал зохион байгуулахад нэн тохиромжтой байсаныг дурдаж, хурлаас гарсан үр дүнг “маш амжилттай” гэж дүгнэж байсан юм. Хурлын эхний өдрийн үдээс өмнөх хөтөлбөрийн гол үйл явдал бол “МоМо төслийн удирдагч Проф.Др. Диетрих Борхардт Монголын Шинжлэх Ухааны Академийн Хүндэт Докторын зэргийг хүртсэн” явдал байлаа. Түүнчлэн МоМо төслийн бусад гишүүд болох Др. Ш. Бүрэн, Др. Иенс Иллиан, Ёорн Хэппэлэр нар БХБЯ-ны шагнал, Др. Юергэн Хофманн БОАЖЯ-ны шагнал, Др. Мартин Пфейффер, Др. Даниел Карте нар БСШУСЯ-ны шагналаар тус тус шагнагдсан юм.
МоМо төслийн үр дүнг хүлээлгэн өгөх хөтөлбөрийн хүрээнд Др. Г. Долгорсүрэн “Хараа голын сав газрын менежментийн төлөвлөгөө”, Др. Инес Домбровский “УННМ-МоМо бодлогын хураангуй” , Др. Юүргэн Хофманн “Хараа-Ерөө голын сав газры атлас”-ыг тус тус танилцуулж холбогдох яамдын төлөөлөлд хүлээлгэн өглөө. МоМо Геопорталыг цаашид хариуцан ажиллах үүргийг Монголын талд мөн хүлээлгэн өгсөн юм. Хурлын эхний өдрийн үдээс хойшхи хөтөлбөр, мөн дараагийн өдөр гээд хоёр өдрийн туршид дэд хуралдаануудаар эрдэм шинжилгээний илтгэл, хэлэлцүүлгүүдийг хэлэлцсэнээс гадна нийт хуралд оролцогчдод зочин илтгэгчидийн лекцийг танилцуулсан юм. Хурлын төгсгөлд Монгол орны усны менежментийн цаашдын хэрэгцээ шаардлагын талаар “Панел хэлэлцүүлэг”-ээр хэлэлцэж, санал зөвлөмжийг хүргүүллээ.

Хурлын вэб хуудаснаас бусад зурагнууд болон оролцогсдын жагсаалт, холбогдох материалуудыг харах боломжтой.
УННМ МоМо “Мэдлэг туршлагаа түгээн дамжуулах нь” сэдэвт олон улсын бага хурлыг Улаанбаатар хотноо 2017 оны 09 дүгээр сарын 26-наас 27-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд усны салбарт ажиллаж буй 60 гаруй мэргэжилтнүүд оролцсон юм. Бага хурлыг үндсэн хуралдаанаас гадна (i) Боловсон хүчний чадавхийг хөгжүүлэх, (ii) Байгаль орчны хяналт шинжилгээ, өгөгдлийн менежмент, (iii) Хот суурин газрын дэд бүтэц, (iv) Голын сав газрын менежмент гэсэн дэд хуралдаануудаар хэлэлцүүлгийг өрнүүлсэн. Эдгээр дэд хуралдаан, хэлэлцүүлгийг хийх болсон гол шалтгаан нь энэхүү хурлаас урьтаж төслийн Монгол талын хамтрагч Төрийн захиргааны төв байгууллагууд болох холбогдох яамдуудтай хамтран “МоМо бодлогын хураангуй” гэх бодлогын зөвлөмж бүхий бичиг баримтыг дээр дурдсан чиглэлүүдийн хүрээнд хамтран боловсруулсан явдал юм. Хуралд ХБНГУ-ын Боловсрол, Судалгааны яамыг төлөөлж 6 төлөөлөгч уригдан оролцсон бөгөөд эдгээр төлөөлөгчид Улаанбаатар хот дахь ХБНГУ-ын Элчин сайдын яам, БСШУСЯамдуудаар зочилсоноос гадна хурлын дараагаар Дархан хотод зочилсон юм. Бодлогын хураангуйг боловсруулах ажил үргэлжилсээр байгаа бөгөөд уг бичиг баримтын эцэслэсэн хувилбарыг 2018 оны 5 дугаар сарын төгсгөлөөр зохион байгуулах гэж буй “УННМ МоМо төслийг дуусгавар болгох, хүлээлгэн өгөх” хурлаар төслийн бусад ажлын үр дүнгүүдийн (Геомэдээллийн сан, Сав газрын Атлас гэх мэт) адилаар холбогдох байгууллага, хамтрагч нарт хүлээлгэн өгөх юм. Уг хурал нь УННМ-д чиглэсэн эрдэм шинжилгээний хурал байх бөгөөд усны салбарт ажилладаг гадаад, дотоодын 300 гаруй төлөөлөгчдийг хамруулах юм.
| МоМо “Бодлогын хураангуй” бичиг баримтыг (2017 оны 09 дүгээр сар, Англи, Монгол хэл дээр) татаж авах |
Зүүн гар талаас: Проф. Борхардт илтгэлийнхээ үеэр. Баруун гар талаас: “Хот суурин газрын дэд бүтэц” дэд хуралдаанд оролцогсод.
Баруун дээд талд: ХБНГУ-ын Боловсрол, Судалгааны яамыг төлөөлж Др. Алэкэ хурлыг нээж үг хэлэв. Зүүн гар талд: Др. Хофманн МоМо төслийн хурлын үеэр “Хараа-Ерөө голын сав газрын атлас”-ыг төслийн хамтрагч нарт гардуулан өглөө. Дунд талд: УННМ МоМо “Мэдлэг туршлагаа түгээн дамжуулах нь” ОУ-ын бага хуралд оролцогсод. Доод талд: Хурлын төгсгөлд МоМо төслийн төлөөлөл хурлыг зочдын хамт.
ХБНГУ-ын Боловсрол, Судалгааны яамны төлөөлөгчид Монгол оронд зочиллоо
УННМ МоМо “Мэдлэг туршлагаа түгээн дамжуулах нь” сэдэвт олон улсын бага хуралд ХБНГУ-ын Боловсрол, Судалгааны яамыг төлөөлж 6 төлөөлөгч уригдан оролцсон бөгөөд Монгол оронд 7 хоногийг өнгөрүүлсэн юм. Төлөөлөгчид Улаанбаатар хот дахь ХБНГУ-ын Элчин сайдын яам, БСШУСЯамдуудаар зочилж албаны уулзалтуудыг хийсэнээс гадна Дархан хот болоод Хараа голын сав газар дахь МоМо төслийн судалгааны талбайнуудад зочилсон юм. ХБНГУ-ын Боловсрол, Судалгааны яамны төлөөлөлөгчдийн дараагийн албан ёсны айлчлал 2018 оны 05 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах МоМо төслийн “УННМ МоМо төслийг дуусгавар болгох, хүлээлгэн өгөх” хурлаар дахин зохион байгуулагдах юм.
МоМо төслийн хамт олны төлөөлөл ХБНГУ-ын Боловсрол, Судалгааны яамны төлөөлөгдчтийн хамтаар.
MOMO Геопорталийн МЭДЭЭ: Газарзүйн мэдээллийн менежмент ба оронзайн мэдээллийн нээлттэй эх үүсвэрүүд
2016 оны 8 дугаар сарын 24-26 өдрүүдэд FOSS4G олон улсын хурал Герман улсын Бонн хотод зохион байгуулагдаж, 54 орны 900 гаруй төлөөлөгчид оролцов. MoMo төслийн хамтрагчид болох terrestris ба IGB багийнхан 2016 оны 8 дугаар сарын 26-нд Боннд болсон хурлын үеэр илтгэл тавих, постер бэлтгэснээс гадна IGB-тэй хамтран Монгол улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Дархан хотын салбар, Хараа, Ерөө голын сав газрын захиргааны төлөөлөл ярилцлага хийсэн. Та бүхэн Хинрич Паулсан, Юүргэн Хофманн, Ванесса Бремерич нартай хийсэн “Монгол улсын УННМ (MoMo): SHOGun газарзүйн мэдээллийн менежмент ба олон нийтийг чадавхижуулах” ярилцлагын видео бичлэгийг дараах линкээр үзэх боломжтой:
| IWRM in Mongolia (MoMo) Managing Geodata with SHOGun and empowering the people |
Юүргэн ХофманнВанесса Бремерич, Ионас Гронинг, Марк Жансэн, Хинрич Паулсан нарын “Монгол улсын Хараа голын сав газрын Усны нөөцийн нэгдсэн менежментийг бэхжүүлэхэд орон зайн мэдээллийн нээлттэй эх үүсвэрийг хэрэглэх нь” илтгэлийг дараах хуудаснаас татаж авах боломжтой:
| Download Poster: Open Source Geospatial Applications in Kharaa River Basin |
Ойрын хугацаанд MOMO Геопортал шинэчлэгдэж , шинэ дизайнаар ажиллаж эхлэх болно.
Берлин хот, 2016.10.05-ний өдөр, (Юүргэн Хофманн)
“Хүрээлэн буй орчны мониторинг” уулзалт семинар, 2015 оны 8 дугаар сар ...
Монгол оронд дэвшилтэт технологийг ашиглан мониторинг хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь: МоМо төсөл нь Хараа голын сав газарт, тэр дундаа голын татмын бүс нутагт байгаль орчны мониторингийн тогтвортой системийг хөгжүүлэхээр зорин ажиллаж байна.
МоМо төслийн 3 дугаар үе шатыг эхлүүлэх төслийн хурал Улаанбаатар хотноо болохтой зэрэгцэн Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн (ШУА) Газарзүй-Геоэкологийн хүрээлэн, МоМо төслийн багийн гишүүд болох ХБНГУ-ын Цэнгэг усны экологи ба дотоодын загасны аж ахуйн Лайбницийн хүрээлэн, Дрездений Техникийн Их Сургуулийн судлаач нарын дунд “Байгаль орчны мониторинг” сэдэвт уулзалт семинарыг зохион байгуулсан юм. Уулзалт семинарын гол зорилго бол голын татмын бүс нутаг, тэдгээрийн экосистемийн үйл ажиллагааг тодорхойлоход Газарзүйн Мэдээллийн Систем болон Зайнаас тандан судлах судалгаанд тулгуурласан мониторингийн тогтвортой системийг байгуулахад оршив. Хоёр талын судлаачдын хамтарсан хээрийн судалгааг 2015 оны 8 дугаар сарын 25-наас 29-ний өдрүүдэд зохион байгуулж, нисгэгчгүй нисэх төхөөрөмж буюу дроныг ашиглан сав газрын сонгон авсан цэгүүдэд голын татмын анхны зураглалыг хийсэн. Цаашдаа энэхүү хамтын ажиллагаа нь Монгол, Герман улсуудад урт, богино хугацааны сургалтуудыг зохион байгуулах хэлбэрээр боловсон хүчнийг чадавхижуулах үйл ажиллагаагаар үргэлжилэх болно.
Берлин хот, 2015.10.09-ний өдөр, бэлтгэсэн Ю. Хофманн
| HTW Dresden Faculty of Spacial Information |
| Archaeocopter and Archaeonautic |
Лайбницийн хүрээлэн (Др. Юүргэн Хофманн), Дрездений ТИС (Проф. Осчипка, Проф. Блок-Берлитц), ШУА (Академич Д.Амарсайхан, Др. Ч.Жавзан, Др. А.Саулегүл)-ийн судлаач нарын оролцон зохион байгуулсан “Дэвшилтэт технологийг ашиглан байгаль орчны мониторинг хөтөлбөрийг хэрэгжүүлэх нь” уулзалт семинар, 2015.08.24-ний өдөр, Улаанбаатар хот (Зургийг: Блок-Берлитц)
Төслийн хурал, 2015 оны 9 дүгээр сар ...
МоМо төслийн 3 дугаар үе шатыг эхлүүлэх, төслийн цаашдын үйл ажиллагааг хэлэлцэх зорилгоор төрийн захиргааны төв байгууллага, шинжлэх ухаан, улс төр, эдийн засгийн салбарын төлөөлөл болсон 50 гаруй оролцогчдыг хамруулан төслийн хурлыг 2015 оны 9 дүгээр сард зохион байгууллаа. Төслийн 3 дугаар үе шат эхлэх болсон нь төслийн өмнөх шатуудын үр дүнг хэрэгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх боломжийг олгож байгаараа ач холбогдолтой. Төслийн хурлыг (i) Сав газрын менежмент, (ii) Байгаль орчны мониторинг, (iii) Усны Технологи, (iv) Нөөц чадавхийн хөгжил гэх 4 дэд сэдвийн хүрээнд зохион байгуулж, хэлэлцүүлгийг өрнүүлсэн.
МоМо төслийн 3 дугаар үе шатыг эхлүүлэх хурлын оролцогчид. Зургийг: Р. Ибиш
“Ус-Берлин 2013” үзэсгэлэнд МоМо төсөл
2013 оны 4 дүгээр сарын 23-наас 26-ны өдрүүдэд зохион байгуулагпдсан “Ус-Берлин 2013” үзэсгэлэнд УННМ МоМо төслийн үр дүнг танилцуулахаар төслийн багийнхан оролцсон юм. Ялангуяа төслийн шинжлэх ухаан, технологийн хэрэгжилтийн үр дүнг мэдрэгчтэй дэлгэц болон хөдөлгөөнт дүрс бүхий баримтат кинонуудаар харуулсан. Түүнчлэн уг үзэсгэлэнд төслийн багийнханаас гадна Монголоос зочид төлөөлөгчид ирж оролцон, төслийн багийнхантай уулзаж ярилцах, санал бодлоо солилцох боломжийг олгосоноороо уг үзэсгэлэнгийн бас нэг ач холбогдол оршино.
“Ус-Берлин 2013” үзэсгэлэнд оролцсон Монголын зочид төлөөлөгчид
МоМо төслийн явцын хурал 2013
МоМо төслийн явцын хурлыг 2013 онд эрдэм шинжилгээний бага хурал болон Хараа голын эхэн, адаг хэсэгт 2 өдрийн танилцуулах аялал гэсэн 2 үндсэн үйл ажиллагааны хүрээнд зохион байгууллаа.
Эрдэм шинжилгээний бага хурлыг 2013 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод байрлах Монгол-Японы Төвд зохион байгуулсан бөгөөд хурлын үеэр төслийн шинжлэх ухаан, технологийн үр дүнгүүдийг танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх менежментийн дүгнэлтүүдийг хэлэлцсэн юм.
Хурлын төгсгөлд УННМ МоМо төслийн багийн 4 гишүүнийг тэдний Хараа голын сав газарт усны нөөцийн нэгдсэн менежментийг хөгжүүлж, хэрэгжүүлж буй хөдөлмөр зүтгэлийг үнэлэн Монгол улсын Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яамны Хүндэт жуух бичиг, Барилга Хот Байгуулалтын Яамны Хүндэт жуух бичиг, Дархан хотын Хүндэт иргэний медалиудаар шагнан урамшуулсан болно. Эдгээр шагнал хүртсэн судлаачид бол төслийн удирдагч Проф.Др.Диетрих Борхардт (UFZ, Магдебург), Др.Юүрген Хофманн (IGG, Берлин), Др-Инж. Шаравын Бүрэн (FhAST, Илменау), МоМо төслийн Дархан дахь оффисын ажилтан хатагтай Осорын Гэрэл нар байлаа.
Шагнал гардуулах ёслолын арга хэмжээ
МоМо төслийн явцын хурлын 2 дахь өдрийн арга хэмжээг нөөц чадавхийн хөгжил болон Хараа голын эхэн хэсгийн усны чанар, усны ашиглах боломжит нөөцийн мониторингийн тухай авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааг танилцуулахад оршив. Нөөц чадавхийн хөгжлийн ажлын хэсгийн үйл ажиллагааг “Усаар хөгжилдье” багш нарыг чадавхижуулах сургалтын хөтөлбөр, “Эрүүл гол”-ын төлөөх сүлжээ сургуулиудыг үүсгэн байгуулсан талаарх үр дүнг Батсүмбэр тосгоны дунд сургуулийн багш, сурагчидаар төлөөлүүлэн танилцуулсан юм. Түүний дараагаар аялалд оролцогчид Сөгнөгөр голын хөндийд хийгдэж буй ус цаг уур, усны чанарын мониторингийн судалгааныг үр дүнг газар дээр нь үзэж танилцан, үр дүнг хэлэлцсэн байна. Оролцогчдын дунд Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яамны мэргэжилтнүүд, “Монгол-Ус” Төрийн Өмчит Үйлдвэрийн Газрын захирал нар багтсан болохыг онцлон тэмдэглэж байна.
Зүүн: “Усаар хөгжилдье” хөтөлбөрт хамрагдсан Батсүмбэр тосгоны 5 дугаар сургуулийн сурагчид
Баруун: Сөгнөгөр голд байршуулсан усны чанарын мониторингийн станцын тухай танилцуулга
МоМо төслийн явцын хурлын 3 дахь өдөр хот суурин газрын менежментийн үйл ажиллагааны хэрэгжилтийг танилцуулав. Тухайлбал: Бага оврын бохир ус цэвэрлэх байгууламжийг (Дарханы Төв цэвэрлэх байгууламжийн SBR реактор, бохир ус цэвэрлэгээ болон модон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийг хослуулсан туршилтын байгууламж) суурилуулж, ажиллуулж байгаа үйл явцын тухай хэлэлцэв. Түүнчлэн гэр хорооллын айл өрхүүдийн нүхэн жорлонг сайжруулж, хөгжүүлсэн технологи, гэрийн хороололын бохир усны менежментийг шийдвэрлэх цогц концептын бүрэлдэхүүн хэсэг болох биогаз үйлдвэрлэх байгууламжийг танилцуулав.
Төслийн явцын хурлын хаалтын арга хэмжээ /Дархан хотын Будда бурханы хөшөөний урд
МоМо төслийн явцын хурал, Дархан хот
МоМо төслийн явцын хурлыг 2012 оны 5 дугаар сарын 15-наас 17-ны өдрүүдэд ШУТИС-ийн Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуульд МоМо төслийн уриа болох “Хараа голын сав газарт УННМ-ийг хэрэгжүүлэх нь” сэдвийн дор зохион байгууллаа.
Гурван өдөр үргэлжилсэн хурлын өдөр бүр онцлог үйл ажиллагаатай байлаа.
Эхний өдөр ...
Төслийн хурлын эхний өдрийн цөм үйл ажиллагаа бол шинжлэх ухааны чухал ололтууд, үр дүнг танилцуулж, хэлэлцүүлэв. Үүнд: УННМ-ийн тухай ойлголтод хамаарах байгаль орчны мониторингийн судалгаанаас гарсан шинэ мэдлэг, түүнчлэн хот суурин газрын усны менежмент, боловсон хүчний чадавхийг бэхжүүлэх талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний явцын үр дүнг танилцууллаа. Энэ өдрийн үйл ажиллагаа нь илтгэлийн хэлэлцүүлэг хуралдаан (нийт 18 аман илтгэл), ханын илтгэлийн танилцуулга, ШУТИС-ийн Дархан дахь салбарын хашаан дотор байгуулсан бохир ус цэвэрлэгээ болон модон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн технологийг хослуулсан туршилтын байгууламжийг нээх арга хэмжээнээс бүрдсэн юм.
Хоёр дахь өдөр ...
Уг өдөр Дархан хотын орчимд экскурсийг зохион байгуулж, төслийн зарим үйл ажиллагаатай газар дээр нь танилцав. Экскурсын хөтөлбөр Хараа голын эрэгт төслийн экологийн мониторингийн хөтөлбөрийн үйл явцтай танилцуулахаас эхэлсэн юм. Уг танилцуулгын хүрээнд усны чанарын физик-химийн мониторинг, усан орчны амьтны бүлгэмдэл (фауна)-ийн үнэлгээг хэрхэн хийдэг тухай байв. Экскурсийн дараагийн зогсоол бол Дархан хотын Төв цэвэрлэх байгууламж байсан бөгөөд төслийн хүрээнд суурилуулсан бага оврын SBR станцын үйл ажиллагааны зарчмыг тайлбарлан, туршилтын эхний жилийн үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг өглөө. Түүний дараагаар Дархан хотын гэрийн хороололын дүүрэгт экскурсийн үйл ажиллагаа үргэлжиллээ. Уг хөтөлбөрийн хүрээнд гэрийн хорооллын айл өрхүүдийн нүхэн жорлонг сайжруулж, хөгжүүлсэн iPIT технологийг, ялангуяа уг технологийн хүнээс гарах хаягдлыг дахин боловсруулах байгаль орчинд ээлтэй давуу тал, оршин суугчдын сэтгэл ханамжтай байгаа байдалтай танилцууллаа. Хөтөлбөрийн үйл ажиллагаа төслийн нөөц чадавхийн хөгжлийн дэд төслийн хүрээнд зохион байгуулагдсан Сүлжээ сургууль, түүний нэг болох Дархан хотын 19 дүгээр сургууль дээр хийгдэж байгаа ажлын үр дүнтэй танилцав. Уг сургуулийн хүүхдүүд усны чанарын зарим үзүүлэлтийг өөрсдөө шалган, шинжилж чадаж байсны сацуу бохир ус цэвэрлэгээний энгийн аргыг хэрхэн ашиглаж байгаагаа ирсэн зочдод үзүүлэв. Уг өдрийн хөтөлбөр Дархан-Уул аймгийн Орхон сумд зочлон, орон нутгийн хүүхдийн цэцэрлэгийн хашаанд суурилуулсан бага оврын цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг танилцуулсанаар өндөрлөлөө. Уг арга хэмжээнд оролцсон орон нутгийн удирдлагууд, хэд хэдэн Яамдыг төлөөлөн ирсэн мэргэжилтнүүд манай орны нөхцөлд маш сайн зохицох энэхүү төвлөрсөн бус цэвэрлэх байгууламжийг нэвтрүүлэн ашиглах хэрэгцээ, шаардлага Монгол оронд өндөр байгааг тодотгон дурдаж байсан юм.
Гурав дахь өдөр ...
Төслийн хурлын 3 дахь өдрийн гол үйл ажиллагаа бол нийт оролцогчид бүлгүүдэд хуваагдаж ажиллах байлаа. Бүлгүүд Хараа голын Сав Газрын Зөвлөл, мониторинг хөтөлбөрийн стратеги, нөөц чадавхийн хөгжлийн тухай асуудлуудаар хэлэлцлээ. Түүнчлэн УННМ-ийн агуулгад экосистемийн үйлчилгээний асуудлыг хэрхэн хамааруулж ойлгох тухай асуудлыг мөн хэлэлцэж өнгөрөв. Бүлгүүдийн хэлэлцүүлгийн дараагаар “Хэрэгжилтийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд төслийн зөвлөхөөр ажиллаж буй Др. Philippe Bergeron хурлын хөтөлбөрийн дагуу “МоМо төслийн дэвшилтэт шийдлийг чиглэлээ болгох стратеги” хэсгийг удирдан хуралдууллаа. Удирдах түвшний ажилтнууд, хоёр орны хувийн хэвшил буюу компаниудын төлөөлөл, эрдэмтэн судлаачид, орон нутгийн ТББ-уудын төлөөлөлүүд хэлэлцэгдсэн асуудлын талаар санал бодлоо нээлттэй солилцож, шийдэх гарц боломжийг эрэлхийлж байсан юм. Хөтөлбөрийн төгсгөлд МоМо төсөлд хараахан туршигдаж, ашиглагдаагүй байгаа хүнцлийг илрүүлэх ArsoLux биосенсор, түүнийг хэрхэн ашиглах тухай танилцуулгыг өглөө. Уг систем нь алслагдсан газар нутагт ч усыг шинжлэхэд нэн тохиромжтой арга гэдгийг онцолж байлаа. Монгол орны нилээдгүй газруудад хүнцлийн бохирдол өсөн нэмэгдэж байгааг баримтуудаас харж болох ба ArsoLux систем нь богино хугацаанд маш олон дээжийг шинжлэх боломжтой, найдвартай үр дүнг харуулдаг учраас уг технологийг сонгон хэрэглэх нь эрдэм шинжилгээ судалгааны уг салбарт чухал үүрэг гүйцэтгэх боломжтой юм. Төслийн бүх хуралдааны төгсгөлд төслийн удирдагч Проф. Др. Dietrich Borchardt, МоМо төслийн багийн хамт олны төлөөлөл Монгол дахь төслийн хамт олондоо, нэн ялангуяа Улаанбаатар хот дахь төслийн оффис менежер А. Чимэгсайхан, Дархан хот дахь төслийн оффис менежер О. Гэрэл нарт энэхүү хурлыг маш амжилттай зохион байгуулсанд талархсанаа илэрхийллээ.
Товчхондоо ...
МоМо төслийн явцын хурал бол Хараа голын сав газарт УННМ-ийг хэрэгжүүлэх цаашдын үйл ажиллагаанд маш чухал үүрэгтэй үйл явдал болж өнгөрлөө. Уг хурлаар орон нутгийн оролцогчид бүс нутгийн усны нөөц, усны менежментийн боломжуудын талаарх хамгийн сүүлийн үеийн мэдээлэлтэй танилцаж, санал солилцсоноос гадна төслийн багийнхантай хамтран төслийн үр дүнг хэрхэн дамжуулах, төслийн үйл ажиллагааг хэрхэн дэмжиж ажиллах боломжуудын тухай хэлэлцлээ. Төслийн хэрэгжилтийн дунд үе хүртэлх үр дүнгээс дүгнэн үзэхэд төслийн үр дүн Хараа голын сав газарт сав газрын менежментийн төлөвлөгөөг боловсруулахад чухал үндэс суурь болж өгч чадах байна.
МоМо төслийн “Чадавхийг Хөгжүүлэх” дэд төслийн зохицуулагч “ШУ-ны Тэргүүний ажилтан” цолоор шагнагдав
МоМо төслийн “Чадавхийг хөгжүүлэх” ажлын хэсгийн зохицуулагч Проф. Др. Михейл Вальтер Монгол улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны “Шинжлэх Ухааны Тэргүүний Ажилтан” цол тэмдэгээр шагнууллаа. Түүнд энэхүү шагналыг түүний Монгол орны байгаль орчин, ялангуяа уур амьсгал, ландшафтын судалгаа болон тогтвортой хөгжлийн төлөөх боловсролын салбаруудад оруулсан хувь нэмэр, түүний олон жилийн ажлын үр бүтээлийг үнэлэн олгосон юм. Монгол эрдэмтэн судлаачдад олгодог энэхүү шагналыг хүртсэн явдалд Проф. Др. Михейл Вальтерт МоМо төслийн хамт олон баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ.
| ХБНГУ-ын элчин сайдын яамны цахим хуудаснаас мэдээллийн тухай унших боломжтой (Монгол хэл дээр) |
IFAT Entsorga: Ус, бохир ус, хаягдал, түүхий эдийн менежмент, бараа бүтээгдэхүний Дэлхийн тэргүүлэгч үзэсгэлэн худалдаа
ХБНГУ-ын Мюних хотноо 2012 оны 5 дугаар сарын 7-ноос 12-ны өдрүүдэд зохион байгуулагдсан Ус, бохир ус, хаягдал, түүхий эдийн менежмент, бараа бүтээгдэхүний Дэлхийн тэргүүлэгч үзэсгэлэн худалдаа “IFAT Entsorga”-ны үеэр тэнд хүрэлцэн ирсэн зочдод төслийн үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа. Үзэсгэлэн дэх ХБНГУ-ын Боловсрол, Судалгааны Яамны талбай нь үзэсгэлэн яармагийн зүүн талын хаалганы дэргэд байрласан бөгөөд МоМо төсөл өөрсдийн танилцуулгаа хэд хэдэн төрлөөр үзүүлж танилцуулав. Түүнчлэн төслийн тухай товч танилцуулга, төсөл хэрэгжиж буй газар нутаг, төслийн зарим багуудын үйл ажиллагааны үр дүнгийн талаар “Монголын хээрт ус” нэртэй сурталчилгааны баримтат нэвтрүүлгийг “Aquadome”-д үзэсгэлэнд оролцогчдод үзүүлж сонирхуулсан юм. Энэхүү нэвтрүүлгийг татан авч үзэх боломжтой хэлбэрээр төслийн цахим хуудаснаа удахгүй байршуулах болно. Үзэсгэлэнгийн үеэр сонирхсон оролцогч бүр өөрсдөө мэдээллийг сонгон танилцах боломжтой хэлбэрээр буюу мэдрэх систем бүхий дэлгэцийн тусламжтайгаар төслийн тухай текст материалууд, фото зураг, хүрээлэн буй орчны мониторинг хөтөлбөр, хот суурин газрын усны менежмент, болон МоМо төслийн хүрээнд хэрэгжиж байгаа нөөц чадавхийн хөгжлийн хөтөлбөрийн үйл ажиллагааны талаарх баримтат кино зэрэгтэй танилцах боломжийг олгож байсан юм. Мөн үзэсгэлэнгийн олон олон зочид төслийн төлөөлөгч нартай биечлэн уулзаж, санал бодлоо солилцох боломжийг ашиглаж байсныг дурдах нь зүйтэй. Төслийн тухай сурталчилгааны нэвтрүүлэг, МоМо төслийн тухай танилцуулга, тараах материалын шинэчилсэн хувилбарыг олон нийтэд нээлттэй, татаж авах танилцах боломжтой хэлбэрээр төслийн цахим хуудаснаа байршуулсан болно.
| IFAT Entsorga |